АЯЛАЛ

Та малчин айлд зочилж, нүүдэлчин ардын өнөөг хүртэл хадгалж ирсэн амьдралын өвөрмөц хэв маяг, ёс заншил, өдөр тутмын аж амьдралтай танилцах боломжтой. Хэрэв Та хүсвэл малчин өрхийн нэг өдрийн ахуйд нь оролцож, сүү саалиа сааж боловсруулах, морь малаа сургах, хариулах зэргээр өв соёлоо сэргээн санах, үр хүүхдэдээ үзүүлж таниулах ажлыг хамтран хийж болно.

АЯЛАЛЫН ТӨРӨЛ

БУДДЫН ШАШИН ТҮҮХИЙН АЯЛАЛ, СУРГАЛТ

Монголын түүхийн салшгүй хэсэг болсон буддын шашны түүх дурсгалын газруудаар эргэл мөргөл хийж аялан манай баазад тухалж тусгайлан тохижуулсан бясалгалын өргөөнд зочилж буддын гүн ухааны уламжлал, багш дээдсийн сургаалаас сонсох, суралцах боломжийг бид бүрдүүлнэ.

БЭСРЭГ НААДАМ

Монгол улсын алдарт уяач Ц.Дамдинсүрэн болон Архангай нутгийн уяачдын уяж сойсон хурдан морьдыг уралдуулж хүчит бөхөөрөө алдартай Архангай аймгийн залуу бөхчүүдийн уран мэх уралдуулан барилдахыг сонирхож бэсрэг наадмын цэц магнай болж сур харваанд оролцон эрийн гурван наадмын түрүүг аван ид хаваа гайхуулаарай.
Манай бэсрэг наадамд оролцохдоо та уяачдын уяж сойсон хурдан хүлгээс шинжин сонгож өөрийн нэр дээр уралдуулж нутгийн залуучуудтай хүч үзэн барилдаж, цэц мэргэнээ сорьж наадмын түрүү болж Дуут ресортын хамт олны бэлтгэсэн тусгай шагналын эзэн болоорой.

ЗУРАГ АВАХ АЯЛАЛ

Байгалийн зураг авах, зурах сонирхолтой жуулчид амрагчдын хувьд манай бүс нутаг байгалийн тогтоц нь хамгийн тохиромжтой. Та манай баазад амрах зуураа манан дундаас сүрлэг харагдах Суварга хайрхан уул, талын алаг цэцэгсийн, өндөрт халих шувуудын, зэлэн дээрээ янцгаах бяцхан унаганы, дээлийн энгэртээ сүүний үнэртэй, саалийн хувингаа барьсан саальчин ээжийн зэрэг олон сонирхолтой агшныг өөрийн камертаа буулгаж чадна.
Эртний баатруудын хувцас хэрэглэлээр өвч тоноглож, эртний монгол гэрт зураг авахуулахаас гадна мөнгөн тоногтой эмээл, хэрэглэл бүхий сайхан морьд унаж монгол үндэсний хувцас өмсч зураг авахуулна.

ШУВУУ АЖИГЛАХ, ЗАГАСЧЛАХ

Цэнхэр сумын нутгаар урсдаг Орхон,Тамир, Цэцэрлэгийн голд тул, зэвэг, цурхай, хайрс, цулбуурт загас байхын зэрэгцээ дун, хясаа зэрэг нялцгай биетэн, мэлхий, бах зэрэг хоёр нутагтан байдаг.
Мөн Архангай аймгийн Өгийнуур суманд орших Өгий, Чулуут, Тэрхийн цагаан нууранд очиж, усны шувуудыг үзэж сонирхохын зэрэгцээ загасны нөөцөөрөө Монголдоо алдартай энэ нууранд загасчлах аялалыг зохион байгуулна.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Хангай нутгийн хөг аялгууг мэдэрч эрүүл агаар, голын урсгал, ойн чимээ, шувуудын жиргээтэй хосолсон Монгол үндэсний дуу, хөгжим, бүжиг наадмын тоглолтыг Таны захиалгын дагуу үзүүлнэ.

СУВАРГА ХАЙРХАН УУЛ

Дуут цогцолбороос 70 км-т төрийн тахилгат, мөнх цаст, үзэсгэлэнт Суварга Хайрхан Уул (3179 метр өндөр) оршино. Бид таныг Суварга хайрхан уул, Чингисийн түмэн цэргийн овоонд гарч хийморио сэргээх аяллыг зохион байгуулна. Суврага Хайрхан Уулын энгэрт орших ариун дагшин рашаан нуураас хүртэн хийморь лундаагаа сэргээж, онгон дагшин байгалаар аялах нь үнэхээр таатай.
Суварга хайрхан ууланд аялахдаа морь, машин, хөсөг тэрэг ашиглан аялалын түүхэндээ дурсамж нэмээрэй.

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Та манай жуулчны баазад амрах зуураа Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой. Тухайлбал, баазаас 28 км аялаад аймгийн төв орж, алдарт Заяын хүрээ хийд, угсаатны зүйн музей, бурханы хөрөгт Эрдэнэбулган уулыг үзэж сонирхон, хойд зүгт 50 км-т орших Их Тамир сумын Тайхар чулуу, баруун хойд зүгт 120 км-т орших Чулуут голын хавцал, мөн зүгт 190 км газарт Хорго, Тэрхийн Цагаан нуур, Өгий нуур, зүүн урд зүгт 90 км зайд Архангай, Өвөрхангай аймгуудын зааг Төвхөн ширээт уулын оройд байрлах, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Төвхөн хийд, 130 кмт орших Монголын эртний нийслэл Хархориноор аялж, түүх соёлын дурсгал болон байгалийн сайхныг үзэж танилцах боломжтой. Тус хийдийг үзэж сонирхоод цааш Орхон голын үзэсгэлэнт хүрхээ Улаан цутгалан руу ч аялж болно. Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Цэнхэр сумын нутгаар морин аялал хийж Суварга хайрхан ууланд гарч Чингисийн түмэн цэргийн овоо, Онийн боргиог үзэж сонирхох, Гялаан, Бор тал, Бор бургаст, Шартын халуун, хүйтэн рашааныг хүртэн нутгийн малчин зон олноор зочлоорой.